• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

Түүхэн замнал

Түүхэн замнал

2020-02-03 Бидний тухай

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ  АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Худалдан авах ажиллагааны газар

Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан.  

Худалдан авах ажиллагааны газрын эрхэм зорилго нь Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулахад оршино.

Худалдан авах ажиллагааны газар нь үйл ажиллагааны дараах тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байв.  

 

  • Худалдан авах ажиллагааны үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх;
  • Худалдан авах ажиллагааны талаарх төрийн бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан төлөвлөж, зохион байгуулан хэрэгжүүлж , тайлагнах;
  • Худалдан авах ажиллагаанд менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг
  •  
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх.

Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 42 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т тусгагдсан эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах хүрээнд дараах  зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй ажиллаж байжээ.

  • Захиргаа удирдлагын хэлтэс;
  • Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;
  • Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс гэсэн 8 хэлтэстэй, 65 орон тоотой үйл ажиллагаа явуулж байжээ.   

Худалдан авах ажиллагааны газрын даргаар:

  • Д.Энхжаргал /2012-2015,04/
  • Х.Улам-Өрнөх /2015,04-2016,01/
  • Н.Отгонбаяр /2016,01-2016,08/ нар ажиллаж байлаа.

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэг хэлтэс болгон зохион байгуулсан.

Төрийн худалдан авах ажиллагааны газар

Улсын их хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 84 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан бөгөөд зохион байгуулалтын бүтцийг дараах байдлаар тусгажээ.

  • Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс;
  • Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс;
  • Хууль, эрх зүй, хяналт, дотоод аудитын хэлтэс;
  • Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 4 хэлтэс, 54 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.