Монгол улсын Шадар сайд Т.Доржханд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажилалаа.
Тэрбээр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөрөнгө оруулалт худалдааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монополийн эсрэг газрыг хариуцан ажиллаж байгаа билээ.
Уулзалтын үеэр Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул худалдан авах ажиллагааны газрын түүхэн замнал, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болоод цаашдын хийх ажил, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, мэдээлэл хийв.
2024 оны 10 сарын байдлаар Худалдан авах ажиллагааны www.tender.gov цахим системээр 26586 тендер зарлагдаж, 4068 захиалагч, 23700 оролцогч хамрагдсан бол системийн хандалт +28 саяд хүрээд байна. Ерөнхий гэрээний дагуу бараа нийлүүлсэн нийлүүлэгч 222, цахим дэлгүүрээс худалдан авалт хийсэн захиалагчийн тоо 1697-д хүрээд байна.
Өнөөдрийн уулзалтаар Шадар сайд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон хамтарсан Засгийн газар болоод 2025 онд худалдан авах ажиллагаанд хийх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээлэл өгч, алба хаагч нарт үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтад Шадар сайдын ажлын албаны дарга З.Лхагвадорж, Шадар сайдын зөвлөх Д.Энхбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн, газрын дарга З.Энхболд, Сангийн яамны Хууль эрх зүйн, газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сугармаа нар оролцлоо.