Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох журам заавар, www.tender.gov.mn цахим системд зарим өөрчлөлт, шинэчлэлтүүдийн талаар Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Батзориг, Т.Бат-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нар 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр албан хаагчдад зориулан сургалт хийлээ.
Сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон өөрчлөлтүүд болон хуулийг дагалдаж гарсан журам, заавар, жишиг баримт бичгийн талаар танилцууллаа.
Хуулийн шинэчилсэн найруулгад тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, худалдан авах ажиллагааг төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д төвлөрүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан нь худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

