• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталлаа

img

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталлаа

2022-06-10 Мэдээ мэдээлэл

Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх /79.6 хувь/-ын саналаар хуулийн төслүүдийг баталлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг дараах байдлаар бууруулах боломж бүрдлээ. Үүнд:

  • Тендерийн баталгааны хувь хэмжээг 1-2 хувь байхаар заасныг багасгаж төсөвт өртгийн 0.5 хувь болгож бууруулсан.
  • Гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувь байсныг  3 хувь болгон бууруулсан. Түүнчлэн гүйцэтгэлийн баталгааг тухайн онд санхүүжих дүнгээр жил бүр шинэчлэн гаргах зохицуулалт бий болсноор гүйцэтгэгч компанийн санхүүгийн ачааллыг бууруулах давуу талтай.
  • Захиалагч ерөнхий гэрээнд ороогүй жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээг нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоосон тендер шалгаруулалт зохион байгуулан гэрээ байгуулах боломжтой болсон.
  • Нэмэлт ажил болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх ажлын өртөг нь 100 сая төгрөгөөс дээш бол нээлттэй тендер шалгаруулалт зарлах зохицуулалттай байсныг өөрчилж, нэмэлт ажил нь анхны гэрээний 15 хувиас хэтрээгүй бол гэрээ шууд байгуулах боломжийг бий болгосон.