Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар 2026.01.15-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав.
Тус газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, 2026 онд хийх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Танилцуулгадаа 2025 оны төсвийн хөрөнгөөр нийт 1,889.5 тэрбум төгрөгийн 87 төсөл, арга хэмжээний 497 багц ажлын худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ба 2026 онд 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 197 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг зохион байгуулахаар тусгагдсан, өнөөдрийн байдлаар нийт 17 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарлаад байгаа талаар дурдав.
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байх нь чухал тул төрийн аудитын байгууллагаар адуит хийлгэх, тайлан, дүгнэлтийг нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллахыг анхааруулав.

