• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

“ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА-2022” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

img

“ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА-2022” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2021-12-03 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Шадар сайд, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар Үндэсний аж үйлдвэрийн танхимтай хамтран “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүүлэгт  Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, төрийн байгууллагуудын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газар 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид  хэрэгжүүлэхээр байна.

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна. Үүнтэй холбогдуулан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, 3 жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж хар жагсаалтад оруулах ажлыг бүх шатны төсвийн захирагчид анхаарч ажиллах, ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Одоогоор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа бөгөөд илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, олон жил дамнуулж төсөв нэмэгдүүлдэг, ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүй, үүнээс шалтгаалж төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болох сөрөг хандлагатай байгааг дор бүрнээ анхаарах нь зүйтэй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлагдаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан  улсын хэмжээнд 2020 онд 7093 аж ахуйн нэгж 54051 удаа, 2021 онд 6424 аж ахуйн нэгж 45321 удаа тендер шалгаруулалтанд оролцсон байх бөгөөд энэ онд 1235 захиалагч байгууллагын 14816 тендерт шалгаруулалтад 3879 аж ахуйн нэгж гэрээ байгуулсан мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээлэгдсэн боловч гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээс гэрээний гүйцэтгэлийн мэдээлэл 270 удаа оруулсан байгаа нь хангалтгүй гэж үзэж болохоор байна.

Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр төсвийн төлөвлөвт, худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг оновчтой болгож, ил тод байдлыг нэмэгдүүлэн, тендерт оролцогчдод эерэг үр дүнг бий болгон, төсөв хөрөнгө хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зэрэг олон давуу талтай бөгөөд төрд өөрт байгаа мэдээллийг иргэн аж ахуйн нэгжээс асуухгүйгээр төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох замаар шалгах, үнэн зөв байдлыг магадлах боломжийг бүрдүүлэх, тендерт ирүүлж буй баримт бичгийн тоог цөөрүүлж, ойлгомжтой хялбар болгох, машин унших боломжтой өгөгдлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн аж ахуйн нэгжийн төлөөллүүд төрийн тендер шалгаруулалттай холбоотой сонирхсон асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийллээ.